Гүйцэтгэлийн удирдлагыг хувь хүний, багийн болон байгууллагын
харилцан уялдаа бүхий стратеги, үйл ажиллагааг сайжруулахын тулд
ашигладаг. Түүний зорилго нь байгууллага зорилгодоо, Засгийн газар үр
дүнд аль болох түргэн хүрэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Энэ нь бас
сайн гүйцэтгэлийг үнэлэн урамшуулах, хангалтгүй гүйцэтгэлийг удирдана
гэсэн үг юм1.
Үр нөлөөтэй гүйцэтгэлийн удирдлага нь байгууллагын болон хувь хүний
үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл нь нэгдмэл байхыг шаарддаг. Үүнд
дараахь зүйлсийг хамааруулна:
• Гүйцэтгэлийн зорилтуудыг тодорхойлох (жишээлбэл: гарц/бүтээгдэхүүн,
ажил, үйлчилэгээ, мэдлэг чадвар) болон тэдгээрийг байгууллагын
стратегийн зорилтуудтай уялдуулах;
• Хувь хүн болон багийн гүйцэтгэлийг дэвшүүлсэн гүйцэтгэлийн
зорилтуудтай харьцуулан тогтмол үнэлэх;
• Гүйцэтгэлийн хэрэгжилтийн явц дахь албан ба албан бус эргэх холбоонд
чухал ач холбогдол өгөх;
• Гүйцэтгэлээс хамаарсан цалин хөлс, шагнал урамшил олгох;
• Авъяас чадварыг сайжруулахын тулд сургаж хөгжүүлэх (баг болон хувь
хүний түвшинд);
• Хангалтгүй гүйцэтгэлийг удирдан зохицуулах;
• Хувийн авьяас чадварын хөгжлийг байгууллагын болон нэгжийн
төлөвлөлттэй уялдуулан холбох;
• Байгууллага болон багийн гүйцэтгэлд тухайн хүний оруулсан хувь
нэмрийг үнэлэх.
Гүйцэтгэлийн удирдлага чухал болох нь
Гүйцэтгэлийн удирдлага нь байгууллагынхаа зорилго, түүнийг
хэрэгжүүлэхийн чухлыг сайтар ойлгоход албан хаагчдад туслахаас гадна
тэдний гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээ, түүний үр дүн нь мөн
байгууллагын зорилго болон үр дүнд хувь нэмэр оруулна гэдгийг
ухааруулахад туслана. Гүйцэтгэлд нэгдмэл байдлаар хандах нь хувь хүний
гүйцэтгэлийн төлөвлөлтийг
байгууллагын зорилтуудтой холбож өгдөг байна.
Гүйцэтгэлийн удирдлагын нэгдмэл тогтолцоо нь хувь хүний болон
байгууллагын гүйцэтгэлийг илүү өндөр стандартад хүргэж чадна.
Гүйцэтгэлийн гэрээг боловсруулах, түүний биелэлтийг үнэлж дүгнэх үйл
явц нь менежерүүд албан хаагчдаасаа хүсэн хүлээж байгаа ажлын
стандарт, тэдний ажлын гүйцэтгэлээрээ болон бусадтай ажиллахдаа
харуулахыг хүсэж буй эрхэмлэн дээдлэх зүйлс, зан үйлийн төрлийг
тогтооход чухал арга зам болдог. Гүйцэтгэлийн үнэлгээний үйл явцыг
албан бус эргэх холбоотой хослуулснаар албан хаагч ажлынхаа яг аль
хэсгийг сайн гүйцэтгэж байгаа, аль хэсгийг нь сайжруулах
шаардлагатайг, мөн гүйцэтгэлээ сайжруулах арга замаа сайтар ойлгоход
нь тусалж чадна.
Эх сурвалж: Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийг удирдахуй .-УБ., 2008.-
х.5